Үндсэн агуулга руу шилжих
Монголын ҮйлдвэрлэлийнГеологчдын Холбоо

Бидний тухай

Монголын эдийн засгийн геологичид, хайгуулын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн мэргэжлийн холбоо. 2006 оноос хойш салбарын хөгжлийг дэмжиж байна.
Холбооны удирдах зөвлөлийн гишүүд
Холбооны удирдах зөвлөлийн гишүүд

Товч танилцуулга

2006
онд үүсгэн байгуулагдсан
2009
оноос жил бүр MMER чуулган
14
удирдах зөвлөлийн гишүүн
Удирдлагатай танилцах ↓

Эрхэм зорилго

Бидний түүх

“Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” нь 2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг геологи, эрдэс баялгийн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдыг нэгэн дор цуглуулдаг салбарын хамгийн өргөн хүрээтэй уулзалт зохион байгуулдаг зөвлөл юм.

2008 онд Монгол улсад Геологи, Хайгуулын чиглэлээр тогтмол зохион байгуулагддаг, хурал, чуулган байгаагүй, зохион байгуулагдаж байсан хурлууд нь тогтмол бус зөвхөн тодорхой сэдвээр хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагддаг байсан. (Дисковер Монголиа) Мөн онол практик, эрдэм шинжилгээний хурал бага болдог байсан.

2008 оны 3 дугаарын сарын 7-ны өдөр ШУТИС-ийн ГГТС дээр зохиогдсон “Ашигт малтмалын ордын хайгуул ба нөөцийн ангилалын асуудал” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн геологич М.Очирбат агсан энэ хурлыг жил бүр хийх санаачлагыг анх гаргасан. (Хайгуулчин сэтгүүл 48-р дугаар)

2008 оны 12 сарын 19-ны өдөр МҮГХ ба МГХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хамтарсан уулзалтаар геологч Ч.Энх-Амгалан агсан “Mongolia Mineral Exploration Roundup” буюу “Монголын Геологи, Хайгуул” сэдэвт хурлыг жил бүр хийх санал дэвшүүлэн хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах, түүний ач холбогдол зэргийг тусгасан илтгэл хэлэлцүүлэн дэмжлэг авч төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, их дээд сургуулиудын төлөөллийг хамруулсан хурал зохион байгуулах анхны зөвлөл байгуулагдсан. Анхны зохион байгуулах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон. 2009 оны 3 сарын 20-21-ний өдрүүдэд Монголын Геологи, Хайгуул 2009 чуулга уулзалт зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.

Бидний үнэт зүйлс

Салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцоход хамтран ажиллах

Удирдлага

Удирдах зөвлөл

Холбоог салбарын туршлагатай 14 мэргэжилтнээс бүрдсэн удирдах зөвлөл удирддаг.

Ерөнхийлөгч

Г. Цолмон

Гончигийн Цолмон нь геологийн хайгуул болон уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.

Намтар унших : Г. Цолмон

Гүйцэтгэх захирал

Б. Болдхүү

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо (МҮГХ)-ны Гүйцэтгэх захирал нь уул уурхайн салбарт олон улсын түвшний боловсрол, бодит үйлдвэрлэлийн арвин туршлагатай геологич Бат-Эрдэнийн Болдхүү юм.

Намтар унших : Б. Болдхүү

Удирдах зөвлөлийн гишүүд

  • Д. Бат-Эрдэнэ

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • С. Жаргалан

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • И. Халиунаа

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Г. Мөнхзул

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Э. Молор

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Б Баянмөнх

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Ц. Мөнгөншагай

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Г Батзориг

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Д. Болд

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • У. Амгаланбаатар

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Х. Төмөрбаатар

    Удирдах зөвлөлийн гишүүн

  • Х. Ариунзаяа

    Удирдах Зөвлөлийн гишүүн

Намтар

Г. Цолмон

Ерөнхийлөгч

Гончигийн Цолмон нь геологийн хайгуул болон уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.

Боловсрол ба Мэргэшил

ШУТИС-ийн Геологийн сургуулийг Онцлох дипломтой төгссөн. АНУ-ын нэр хүндтэй Колорадогийн Уул уурхайн сургуульд (Colorado School of Mines) хайгуулын геологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

АНУ-ын Эрдэнийн чулуу судлалын хүрээлэнгээс (GIA) "Applied Jewelry Professional" зэрэг эзэмшсэн.

Ажлын туршлага ба Амжилт

Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо: 2018 оноос тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгчөөр сонгогдон салбарын шинэчлэлт, дижитал шилжилтийг удирдан ажиллаж байна.

Инноваци ба Бизнес: Төв Азийн уул уурхайн салбарт дэвшилтэт технологи, автоматжуулалт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэгч "Trigteq" ХХК-ийг АНУ-д суралцаж байхдаа хамтран байгуулжээ.

Олон улсын туршлага: Монголоос гадна Бразил, АНУ, Хонконг зэрэг орнуудад олон улсын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

Удирдах зөвлөлийн гишүүний хувьд

Гишүүнчлэл ба веб сайт

Холбооны веб сайт болон гишүүнчлэлийн системийг орчин үеийн хамтын ажиллагааны стандарт, шаардлагад нийцүүлэн шинэчилсэн.

Гадаад харилцаа

2020 оны 2 сард Канада-Евразийн Бизнесийн Холбоотой (CERBA) Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулсан.

Чуулган ба боловсролын хөтөлбөр

"Mongolia Mineral Exploration Round-Up" - Монголын Геологи Хайгуулын чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг 2019 оноос хойш тасралтгүй зохион байгуулж, Хөрөнгө оруулагчдын уулзалт болон боловсролын хөтөлбөрийг санаачилж ажилласан.

Нийтийн боловсрол

Олон нийтэд зориулсан геологийн боловсрол, мэдээлэл олгох чиглэлээр ажилласан.

Ерөнхийлөгчийн хувьд

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл

Салбарт гарч буй хурдацтай өөрчлөлтөд тохируулан холбооны бүтцийг шинэчилж, орчин үеийн технологи, хэрэгцээнд суурилсан, тогтвортой ажиллах чадвартай суурийг бэхжүүлж байна.

Дижитал платформууд

Хэрэглэгчид суурилсан веб сайт (www.monseg.mn) болон бага хурлын хамтын ажиллагааны платформыг (www.mmer.mn) хөгжүүлж, нэвтрүүлж байна.

Намтар

Д. Бат-Эрдэнэ

Удирдах зөвлөлийн гишүүн

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо-ны Удирдах Зөвлөлийн ахмад гишүүн, геологич, уул уурхайн бодлого тодорхойлогч Даш овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, онол-практикийг хослуулсан нэр хүндтэй мэргэжилтэн юм.

Тэрээр 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уулын инженер-геологич мэргэжлээр төгсөж, хээрийн геологи, эрэл-хайгуул, улсын бодлого, олон улсын хамтын ажиллагаа хүртэлх өргөн хүрээнд ажилласан туршлагатай. Улмаар Их Британийн Дандийн их сургуульд эрдэс баялаг, газрын тосны эрх зүйгээр магистр (LLM), Монгол Улсын Техникийн Их Сургуульд эрдэс баялгийн бодлогын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нь түүнийг салбартаа онцгой байр суурьтай болгосон билээ.

Д. Бат-Эрдэнэ нь алт, төмөр, нүүрс зэрэг ашигт малтмалын олон ордыг нээн илрүүлж, нөөц тогтоон үйлдвэрлэлд шилжүүлэхэд биечлэн оролцсон төдийгүй зэсийн порфир, уран, газрын ховор элемент, гянт болд, молибден зэрэг стратегийн түүхий эдийн хайгуулын ажлыг удирдаж ирсэн туршлагатай. Мөн Монгол Улсын эрдэс баялгийн бодлого, уул уурхайн хууль эрх зүйн орчныг боловсруулах, шинэчлэх үйл явцад идэвхтэй оролцож, төр-хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан.

Түүний олон улсын түвшинд тавьсан илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллүүд нь Монголын геологийн салбарыг дэлхийд таниулахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд НҮБ, бүс нутгийн болон олон улсын хурал, төслүүдэд Монгол Улсыг төлөөлөн оролцож байв.

Эдгээр бодит гавьяа, хөдөлмөрийг нь үнэлж “Тэргүүний геологич”, “Тэргүүний уурхайчин”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан зэрэг төрийн дээд шагнал, цол хүртээсэн нь түүний салбартаа оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийн илэрхийлэл юм.

Өдгөө Д. Бат-Эрдэнэ нь ахмад мэргэжилтний хувиар мэдлэг, туршлагаа залуу геологичдод өвлүүлэн үлдээж, Монголын геологи, уул уурхайн салбарын тогтвортой, хариуцлагатай хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Намтар

С. Жаргалан

Удирдах зөвлөлийн гишүүн

Монгол орны геологийн салбарт "Газрын ховор элемент" болон "Критикал металл"-ын судалгааг шинэ шатанд гаргаж, эх орныхоо баялгийг дэлхийн түвшний шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчилж буй эрхэм бол Сэрээнэнгийн Жаргалан юм.

Тэрээр Японы алдарт Тохоку Их Сургуульд магистр, докторын зэргээ хамгаалж, Японы Геологийн Албанд Пост-Докторын судалгаа хийсэн олон улсын түвшний эрдэмтэн юм. Түүний мэдлэг, туршлага зөвхөн танхимд бус, хээрийн хайгуул, лабораторийн нарийн шинжилгээний (XRD, XRF, ICP-MS) салбарт чөлөөтэй хөрвөдөг.

Салбартаа Гүйцэтгэсэн Үүрэг

• Эрдэм шинжилгээ: ШУТИС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирлаар ажиллаж, Монгол орны стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын судалгааг тэргүүлж байна.

• Үйлдвэрлэл: Оюу Толгой ордын нөөцийг тооцоолох тайлангаас эхлээд Заамарын алтны дүүргийн хайгуул хүртэл томоохон төслүүдэд гар бие оролцсон Монгол улсын Зөвлөх инженер.

• Залгамж халаа: Өнөөдрийг хүртэл олон арван доктор, магистр оюутнуудыг удирдан чиглүүлж, "Метал ашигт малтмал", "Газрын ховор металл" зэрэг олон сурах бичиг, гарын авлагыг залуу геологчдод зориулан туурвижээ.

Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж, 2023 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.

Намтар

И. Халиунаа

Удирдах зөвлөлийн гишүүн

И.Халиунаа нь МУИС-ийг геологийн бакалавр, ШУТИС-ийг ашигт малтмалын хайгуулын магистрын зэрэгтэй төгсөж, Японы Акита их сургуульд богино хугацааны ахисан түвшний сургалт дүүргэсэн.

2018 оноос геологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж, Хан-Алтай алтны ордын хайгуулаас үйлдвэрлэлийн туршлагаа эхлүүлэн Плюс Минералс, Монголын Алт МАК ХХК-уудад металл ашигт малтмалын геологич, туслах спектр геологичоор ажиллахын зэрэгцээ геологийн судалгааны ажлаараа дотоод болон олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэл, хурлын илтгэлээр хэлэлцүүлж ирсэн.

И.Халиунаа нь 2023 оноос олон улсын зөвлөх үйлчилгээний RPMGlobal болон SLR Consulting компанийн бүрэлдэхүүнд багтаж, Монгол болон Олон улсын алт, мөнгө, хар тугалга–цайр, никелийн латерит, зэс–молибден, төмрийн хүдэр, сурьма, газрын ховор элемент (REEs)-ийг хамарсан төслүүдэд ажиллаж байна.

Тэрээр хайгуулын болон геологийн өгөгдлийн баталгаажуулалт, хүдэржилт ба хувирлын 3 хэмжээст загварчлал, блок моделийн хяналт чиглэлээр ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол, нөөцийн үнэлгээний ажлуудад оролцож, олон улсын ЖОРК стандартын нөөцийн тайлан, SK-1300 техникийн тайлан болон ТЭЗҮ боловсруулахад оролцож байна.

Мэргэжлийн чиглэлээс гадна Геологийн салбарын үнэ цэнийг олон нийт, орон нутаг, залууст таниулах чиглэлээр ажиллаж байна.

Намтар

Ц. Мөнгөншагай

Удирдах зөвлөлийн гишүүн

Ц.Мөнгөншагай нь геологич, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн бөгөөд 2001 онд Дархан хотын Техникийн коллежийг төгссөнөөс хойш мэргэжлийн замналаа багш, талбайн геологичоос эхлүүлжээ.

Суурь судалгаа, эрэл хайгуул, уурхайн ашиглалт, төслийн удирдлага, компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын түвшинд ажилласан өргөн туршлагатай. Тухайлбал, улсын геологийн зураглалын “Бурханттолгой-50”, Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох “Дорнод Монгол-VII” төслүүдийг удирдан хэрэгжүүлж, төмөр, алт, нүүрсний чиглэлийн 20 гаруй эрэл хайгуулын төслүүдэд оролцсон байна.

Тэрээр 2014 оноос хойш МҮГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй геологийн судалгааны ажлын чанар, үр дүнг сайжруулах, салбарын бодлого, хууль эрх зүй, зах зээлийн судалгаанд идэвхтэй оролцож иржээ.

Өнөөдөр Ц.Мөнгөншагай нь Minegolia.mn төслийг санаачлан хэрэгжүүлж, Монголын уул уурхайн төслүүдийг олон улсын стандартад нийцүүлэн системчлэх, хөрөнгө оруулалтыг татаж чадах төслийг бойжуулах экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн төслийн удирдлагын PMBOK стандартыг геологи-уул уурхайн салбарт нутагшуулах судалгаа, хөгжүүлэлтийг хийж байгаа нь түүний мэргэжлийн онцлох чиглэл юм.

Тэрээр Уул уурхайн салбарын бизнесийн гадаад орчны судалгааг гүйцэтгэсний үндсэн дээр хувь хүний эрх чөлөө, бизнесийн ёс зүй, чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд суурилсан тогтолцоог салбарын тогтвортой хөгжлийн үндэс гэж үзэж “Монголын уул уурхайн салбарын бизнесийн орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүлэг хийж ирсэн.

Намтар

Б. Болдхүү

Гүйцэтгэх захирал

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо (МҮГХ)-ны Гүйцэтгэх захирал нь уул уурхайн салбарт олон улсын түвшний боловсрол, бодит үйлдвэрлэлийн арвин туршлагатай геологич Бат-Эрдэнийн Болдхүү юм.

Тэрээр ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургуульд геофизик, ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Австралийн Куртины Их Сургуулийн Баруун Австралийн Уул уурхайн сургуульд геологийн магистрын зэрэг эзэмшсэн.

Б. Болдхүү нь салбартаа 13 гаруй жил ажилласан. Оюу Толгой ХХК-д ил уурхайд геологич, ахлах геологичоор 6 гаруй жил ажиллах хугацаандаа уурхайн агуулга хяналт, геометаллурги, структур-геологийн модельчлол, богино ба дунд хугацааны төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн үр ашиг, аюулгүй ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн юм.

Мөн тэрээр уурхайн геологийн чиглэлээр олон улсын болон бүсийн эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьж, мэргэжлийн өгүүлэл, судалгааны бүтээлүүдийг хэвлүүлсэн туршлагатай бөгөөд AusIMM-ийн гишүүн, салбарын манлайлал, залуучуудын оролцоог дэмжигч нэгэн билээ.

Намтар

Х. Ариунзаяа

Удирдах Зөвлөлийн гишүүн

Х.Ариунзаяа нь 2008 онд ШУТИС-ийг геологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд геологийн магистрын зэрэг хамгаалж төгссөн. Тэрээр төгссөнөөсөө хойш геологийн мэргэжлээр тасралтгүй ажиллаж, геологийн салбарт 13 жилийн ажлын туршлага хуримтлуулсан.

Ашигт малтмалын эрэл хайгуул, нүүрсний уурхайн ашиглалтын үеийн хайгуул, нөөцийн тооцоолол, геологийн өгөгдлийн менежментийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд нүүрс, уран, металлын хайгуулын томоохон төслүүдэд ахлах геологичоор ажиллаж, төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулж ирсэн.

Үйлдвэрлэлийн геологичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд залуу үеийн геологичдын оролцоог нэмэгдүүлэх, эрэл хайгуул–хайгуул–ашиглалтын геологийн уялдаа холбоог бэхжүүлэх, мөн олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэлийн геологийн арга барилыг дэмжин ажиллахыг зорьж байна.

MONSEG

Холбоо барих

Гишүүнчлэл, хамтын ажиллагаа, чуулга уулзалт болон Хайгуулчин сэтгүүлийн талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

Хаяг
Улаанбаатар 14250, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Эко Интернэшнл Тауэр, 1203 тоотГазрын зураг дээр харах ↗
Утас
9903 0960
И-мэйл
hello@monseg.mn